УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
12 сарын 4, 2020

УИХ-ын Баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалтыг гараа өргөж явуулах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасан тул хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувиар уг саналыг дэмжив.

Ингээд төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна хэмээн үзээд төсөвт бүхэлд нь хориг тавьсан боловч УИХ хүлээж авсангүй.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн юм. МАН-ын олонх гишүүд хоригийг дэмжээгүй учраас АН-ын бүлэг санал хураалтанд оролцохгүйгээ илэрхийлээд хуралдааныг орхин гарав. 

АН-ын бүлгийн гишүүд ирэх оны төсөвт вакцин худалдаж авах мөнгийг зайлшгүй тусгах ёстойг хэлж, мөн ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд нэг их наяд 158 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж, 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломжтой. Түүнчлэн уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хүртэлх хувь буюу нэг их наяд төгрөгийг ЖДҮ-ийн санд төвлөрүүлж, импортыг орлох ажлын байр бий болгож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 Манай улсын хувьд вакцины захиалга өгөхөөр Дэлхийн банкнаас 50.6 сая ам.долларын зээл хүссэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр “Дэлхийн хөгжиж байгаа ядуу буурай орнуудад зориулсан вакциныг түрүүлж авах боломжоор хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол Ковакс. Энэ хөтөлбөрийг дэлхийн дөрвөн байгууллага санаачилсан. Санаачилсан байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид дэлхийн банкинд хандаж байгаа. Хэн нь мөнгөө төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Том хөгжилтэй орнууд мөнгөө өгөөд захиалчихсан байгаа. Тэгэхээр манайх шиг орнууд захиалга өгөхөд хүндрэлтэй байдаг учраас бид Ковакс хөтөлбөрт орж, Дэлхийн банкаар дамжуулан авах хүсэлтээ өгсөн. Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авчих боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна” гэсэн юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Ковакс” хөтөлбөрт орсноор вакцин авах очер дарааллын урдуур орж байна гэж ойлгох хэрэгтэй хэмээн тайлбарлав.