Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Ц.Энхбаярыг томилжээ.
Өнгөрөгч тавдугаар сарын 27- ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газар дахь усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ болон мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан билээ.