Олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын Засгийн газар Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын зорилтот бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу үргэлжлүүлэн хийж байна. Энэ хүрээнд 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт таван сая дөрвөн мянга 240 ширхэг хүн тун вакцин хүлээн авсан байна. Одоогийн байдлаар Ковакс хөтөлбөр арилжаа, хүмүүнлэгийн шугамаар нийтдээ:
- Синофарм 4.3 сая хүн тун
- АстраЗенекa 262.800 хүн тун
- Файзер 381.420 хүн тун
- Спутник V 60.000 хүн тун вакциныг Монгол Улс хүлээж авчээ.
Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний шөнө нэмж, 20.000 тун Спутник V вакциныг Засгийн газрын болон хувийн хэвшлийн шугамаар оруулж иржээ. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Ковакс хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлсэн байна.
Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд Covid-19 эсрэг Файзер вакциныг хийж байгаа. Тус вакцины нөөц 85.410 хүн тунгаар нэмэгджээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр Файзер вакцины эхний ээлжийн 84.240 тун вакциныг өнгөрсөн зургадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85.410 хүн тунг зургадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь энэ оны хоёрдугаар хагаст ирнэ.