Автомашины торгуулийн төлбөрийн 50%-ийг аравдугаар сарын 1-нээс өмнө төлөхгүй бол Өршөөлийн хууль үйлчлэхгүйг санууллаа
8 сарын 19, 2021

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 214 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг нь амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Гарцгүй газраар гарсан явган зорчигч-2
  • Унадаг дугуй-1
  • Мотоцикл-2
  • Онхолдох-3
  • Хоёр автомашин мөргөлдсөн-1 бүртгэгдсэн байна.

Иймд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай хамгаалах хэрэгслийг тогтмол өмсөх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 79 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Мөн торгуулийн өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийнхаа 50 хувийг төлөх шаардлагатайг ТЦА-наас санууллаа. Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хууль өнгөрсөн сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Уг хуульд, 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хооронд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэд зөрчлийн торгуулийн 50 хувийг аравдугаар сарын 1-ний дотор төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр тусгагдсан. Хэрэв төлөөгүй тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй юм.