Дахин таван гарц ногоон гэрэл асаах товчлууртай боллоо
6 сарын 18, 2020

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, явган хүний хөдөлгөөн бага байдаг гарцуудад “Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио” буюу ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуур суурилуулах ажил үргэлжилж байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөн удирдлагын төв өнгөрсөн долоо хоногт Чингэлтэйн өргөн чөлөөн дэх Таван буудлын гарц, Цагдаагийн академийн өргөн чөлөөн дэх Амгалан авто вокзалын урд гарц, Гачууртын зам дагуух 62 дугаар цэцэрлэгийн урд гарц, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц, 102 дугаар сургуулийн зүүн гарц зэрэг нийт 5 байршилд суурилуулж дууссан тухай ТЦА-аас мэдээллээ. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа гарцанд байрлуулсан товчлуурыг дарснаар 10 секундийн дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл тус тус асах юм. Зорчигч хөдөлгөөнд оролцож буй тээврийг хэрэгслүүд бүрэн зогссон эсэхийг нягталж харах хэрэгтэй бөгөөд зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхснийг илтгэж буй юм.

Харин товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асах юм байна.

Ташрамд дурдахад, 2019 онд Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн зам дагуух долоон байршилд суурилуулсан нь амжилттай хэрэгжиж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, шатахууны үргүй зардлыг бууруулах, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг үр дүн гарчээ.