“Бридж” корпораци Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдан давж заан цолны болзол хангасан хүчит бөхөд “Сүзүки Жимни” автомашиныг бай шагнал болгон өгөх тухай санамж бичгийг Монголын үндэсний бөхийн холбоотой байгуулжээ.
Тус санамж бичигт “Бридж” корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд хурд хүч, авхаалж самбаагаараа тунан үлдсэн залуу бөхчүүд уран мэхийг уралдуулж, цэц бяраа үздэг тул Монгол түмний таалан үздэг даваа байдаг нь дамжиггүй. “Бридж” корпораци нь Бөхийг өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлсний дээр “Баянзүрх хайрханы Хишиг” барилдааныг 2006 оноос хойш нийт 14 жил ивээн тэтгэж зохион байгуулсан, үндэсний бөхийг дэмжигч байгууллага билээ.