Гашуунсухайт боомтоор нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлж 30 сая тонн хүргэхэд Хятадын талтай нягт хамтарна
4 сарын 15, 2018

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д  хийж буй айлчлал өчигдөр Өвөрмонголын Баяннуур хотод үргэлжилж БНХАУ-ын Ганцмод боомт,  Монгол Улсын Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцлаа. Мөн Эрдэнэс Таван Толгой компани дээр энэ өдөр ажиллаж байна. 

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ, ТАТАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ХИЛИЙН БООМТ ДАХЬ АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХЭЭР БОЛЛОО

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ны намын удирдлагатай уулзах үеэрээ “Хоёр улс орны хүмүүс байнга уулзаж байх ёстой. Та бүхэнтэй танилцсантай баяртай байна. Энэ бол манай хоёр орны ард түмний төлөөх ажил учраас бүгд хичээж ажиллана гэж итгэж байна” гэж байв. 

Ерөнхий сайд Өвөрмонголын Монгол Улстай хил залгаа Баяннуур хотод ажиллах үеэрээ ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлагуудтай нүүрс тээвэрлэлт, таталт, Гашуут сухайт-Ганц мод хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх САНАМЖ БИЧИГ байгууллаа. 

Ингэснээр: 

  1. Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллана.
  2. Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулна.
  3. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийднэ гэж Өмнөговь аймгийн удирдлага мэдээллээ.

Баяннуур хотын намын хорооны дарга Ли Жи Хэн “Би боломжтой үедээ Монгол Улсад айчилна аа. Монгол Улсын гайхамшигтай сайхан байгальтай танилцахыг хүсч байна” гэж байв.

Хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт ийнхүү санал нэгдлээ. 

Хил дамнасан уул уурхай, эрчим хүчний туршилтын бүс байгуулах саналыг Өвөрмонголын тал гаргав. Мөн аль болох богино хугацаанд Замын-Үүд-Эрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох зэрэг хүсэлтээ илэрхийлсэн юм.

Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч зэрэг бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улс хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байна. 

Өнгөрсөн жил Монгол Улс Гашуунсухайт боомтоор 17 сая тонн нүүрс экспортод гаргаснаас 7 орчим саяыг Баяннуур хотод угаалгасан байна.