2020 оны 4 сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн авто машины гаалийн мэдээллийн түүхийг И-баримт аппликейшн болон Гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл и-баримт аппликейшн ашиглан тухайн авто машин үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар гэмтэл авч, ямар засвар хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг хэрэглэгчид гар утаснаас хардаг болно гэсэн үг. Харин “Гэрэгэ киоск” нь нийслэлийн бүх Нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ, 12 аймагт нийт 60 байршилд байрладаг тул иргэдэд илүү ойр хүртээмжтэй үйлчилгээ юм.
Гэрэгэ Системс ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат: Төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг цахим болгох олон ажлын нэг нь Гэрэгэ киоскоор дамжуулан шинээр машин авахдаа ямар машин гэдгийг нь хянах боломжтой болж байна. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцөлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.
Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.
Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм.
2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69,472 байх ба суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.