ЭМЯ: Тээврийн жолоочийн ойрын хавьтал 2 хүнээс COVID-19 илэрлээ
11 сарын 15, 2020

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.15) мэдээллээ хийлээ. Арваннэгдүгээр сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, нийслэлд COVID-19-ийн халдвар авсан тохиолдлын ойрын хавьтал болох 50 хүний хоёроос нь вирус илэрч, тус голомтоос батлагдсан тохиолдол ес боллоо.  Хоёрдогч хавьтагч 1125 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй бөгөөд Сэлэнгэ аймагт нийт 170 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 428 болж, үүнээс 328 хүн нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Нутаг буцсан таван хүн байна. Нийслэл хотод 11 цэгийг ажиллуулж,өчигдрийн байдлаар 909 хүн  өгч, 750 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Үлдсэн хүний шинжилгээний хариу 17.00 цагт гарна. Бүх хавьтлуудын гэр оронд ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн.  Одоо ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт тандалтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.