Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатарын замын хөдөлгөөний нөхцөл байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн зохицуулалтын талаар мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу 07:00-10:00, 17:00-20:00 цагт зөвхөн захирамжаар зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилтан, албан хаагчид ажил руугаа ирэх, буцах хөдөлгөөн хийгдэж байна.
Энэ үед шуурхай албаны болон эмнэлэг, онцгой байдлын албаны тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох юм. Энгийн иргэд энэ хугацаанд хөдөлгөөнд оролцох хориотойг дахин сануулъя.
Харин борлуулалтын тээврийн хэрэгслүүд шөнө зорчиж байгаа. Иргэд та бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд бүх нийтээр дагаж мөрдөж буй дүрмээ баримтлаарай" гэв.
Түүнчлэн зуслан явах нь хориотой гэдгийг дахин санууллаа.