Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиглэл авсан Монголын үндэсний бөхийн холбооныхон энэ сарын 18-ны өдөр “Их Эе”-ийг хуралдуулахаар товлож энэ үеэрээ МҮБХ-ны тэргүүнийг сонгох мэдээлэл гараад байсан юм. МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, “Их Эе”-ийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон. Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг “Аварга” дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан “Их Эе”-ийг хуралдуулах боломжгүй болжээ.
Мөн Р.Нямдорж, Д.Данзан нарын зүгээс “Их Эе”-ийг хуралдууллаа гэхэд 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэжээ. Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө, түүнчлэн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэж үзсэн байна.