ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 4,176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдлээ.
24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 712 болсон бөгөөд үүнээс 360 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал нэн хүнд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүн байгаа.
Улаанбаатарт бүртгэгдсэн эхний тохиолдлын хавьтал 52 хүн өвчилсөн бөгөөд 9 байршилд халдвар гарсан байгаа. Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн.
Гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан 12 гэр бүл байгаа. Гэр бүлийн хувьд халдварын эрчим маш өндөр 52 хувьтай байна. Мөн гэртээ хүн урьж бариа засал хийлгэдэг явдал манайд байгаа бөгөөд халдварын 23.3 хувь нь үүнээс үүдэлтэй тархсан. Караокетой холбоотой 20 орчим хувь, буяны ажил, төрсөн өдөр, бие биенийхээрээ айлчилж зочилсонтой холбоотой 3-6 хувь, тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь, орцны хавьтал 2.9 хувьтай байгаа юм.
Төмөр замын голомтын хувьд гэр бүлийн гишүүдэд халдварлах эрчим 26.7 хувьтай, ажилчдын дунд халдварлах нь 3 хувь, эмнэлгийн ажилчид 5 хувийг тус тус эзэлж байна" гэлээ.