Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах” зорилтын хүрээнд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгааг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцлоод тус салбарт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улсын 112 мянган км авто замын сүлжээний 14 мянган км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу 7 мянган км нь хатуу хучилттай зам байна. 2020 оны 10 дугаар сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж. Уг авто замыг 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм. Энэ онд л гэхэд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 123 чиглэлийн 1,902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэжээ.
Монгол Улс 2004 онд “Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орж, уг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ үе шаттай биелүүлж байгаа боловч олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох ажил удаашралтай байна. Тухайлбал, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамрагдаж буй авто замын сүлжээний ашиглалтын байдлыг авч үзэхэд манай улсын авто замын сүлжээ нь Азийн авто замын сүлжээний ангиллаар 2-3 дугаар, зарим хэсэгтээ гуравдугаар зэрэгт ч хүрэхгүй байгаа нь коридороор үр ашигтай, аюулгүй тээвэрлэлт явуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд авто замын сүлжээний ашиглалтын байдал, чанар, стандартыг сайжруулах, хөрш орнуудын жишигт хүргэх зайлшгүй шаардлагатай.
Энэ хүрээнд олон улсын авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг бий болгох зорилгоор Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн авто замын үндсэн трассаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна.
Олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засвар арчлалтын ажилд 2020 оны улсын төсөвт батлагдсан 52.0 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаан авто замын засвар арчлалтын 32 байгууллага авто замын бэлэн байдлыг хангаж, засвар арчлалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 97.8 хувьтай байгааг Шадар сайд танилцуулав.
Төмөр замын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улс нийт 1949.4 км төмөр замын сүлжээтэй бөгөөд эдгээр нь Булган, Орхон, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар дамжин өнгөрдөг. Төмөр замын салбарт нийт ачааны 7380, зорчигчийн 334 вагон, зүтгүүр 205, өртөө, зөрлөг 86, нийт 16606 ажилчин ажилладаг байна. Өнгөрсөн онд төмөр замын салбарт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг эхлүүлсэн бол газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээж авсан. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүс нутгийн логистикийн төвийг барьж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар:
-Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Тавантолгой өртөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран хилийн Гашуунсухайт боомтод хүртэл үргэлжлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөж байна. Уг төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох бөгөөд төмөр замын ашиглалтын үед 1300 орчим байнгын ажлын байрыг бий болгож, нүүрсний экспортыг нэмэгдүүлэн, БНХАУ-ын нутаг дэвсгэр, түүний далайн боомт болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэх юм.
-Засгийн газрын 2019 оны 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэлх төмөр замын шугамын чигийг баталж, 2019 оны 6 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор барилгын газар шорооны болон хоолойн ажил 100 хувь, гүүрийн ажил 95 хувь, замын дэд бүтцийн барилгын ажил 33 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Тавантолгойн ордын коксжих нүүрсийг гуравдагч орны зах зээлд хүргэж, Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Автотээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Автотээврийн салбарын үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэх үүднээс зорчигч тээврийн автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгыг Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Завхан аймгийн Улиастай, Төв аймгийн Зуунмод, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд барьж ашиглалтад оруулсан. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод авто зогсоолын барилга байгууламж, Цогтцэций суманд авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд Бичигт, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Булган гэсэн авто замын зургаан боомтоор жилд дунджаар 32-34 сая тонн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэж байна. Автотээврээр экспортолсон нийт нүүрсний 50 орчим хувийг Гашуунсухайт боомтоор, 40 орчим хувийг Шивээхүрэн боомтоор тээвэрлэж, нийт 337 аж ахуйн нэгж, байгууллагын 17746 жолооч ажиллаж байна.
Цаашид ачаа тээврийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурван тэс суманд холимог тээврийн логистикийн төв, Орхон, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт хүнс, хөдөө аж ахуй, ургац, тариалан, барилгын материалын үйлдвэрлэлд түшиглэсэн орон нутгийн логистик төвүүдийг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгийг дурдав.
Агаарын тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улс нийт 16 агаарын хаалгатай бөгөөд ОХУ-тай 10 агаарын хаалгаар, БНХАУ-тай 6 агаарын хаалгаар хиллэдэг. Монгол Улсын агаарын зайг доод болон дээд агаарын зай гэж ангилан зургаан секторт хуваан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж байна.
Агаарын тээврийн салбарт нийт 13 агаарын тээврийн гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын 21, орон нутгийн 12, нийт 33 чиглэлд дотоод, гадаадын 12 агаарын тээвэрлэгч нислэг үйлддэг. Эдгээрээс гадаадын 8 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна.
Агаарын тээврийн салбарт Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал төсөл”-ийн барилгын ажлыг дуусган улсын комисс хүлээн авч, ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр концессын гэрээг байгуулсан бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын барилгын ажлыг эхлүүллээ. Мөн Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлуудыг шинэчлэн сайжруулах ажил хийгдэж, ашиглалтад хүлээн авч байна.
Цаашид агаарын тээврийн салбарт орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд анхаарч Дорнод, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С болгох, Баянхонгор, Хэнтий аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 3D болгох, мөн ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх дэд бүтцийг байгуулах чиглэлээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг Шадар сайд мэдээллийнхээ төгсгөлд дурдлаа.
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн байр суурийг танилцуулсан юм.
Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ш.Адьшаа, Т.Доржханд, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Б.Бейсен нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон ажлын хэсгийн зарим гишүүд хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.