COVID-19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Элчин сайдуудтай уулзалт хийх ажил үргэлжилж байна.
Тэрбээр БНХАУ, БНЭУ, Япон, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай вакцины асуудлаар санал солилцсон тухайгаа мэдээлжээ. "БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн Ковид-19 цар тахлын энэ амаргүй үед нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч, хил гаалийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлттэй холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэж хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллах шаардлагатайг онцолж хүслээ.
Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж Ковид-19-ийн эсрэг вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар голлон ярилцлаа. Энэтхэгт үйлдвэрлэгдэх Пфайзер (Pfizer India), АстраЗенека (AstraZeneca India) компаниудын вакциний талаар мэдээлэл солилцлоо. Энэтхэг Улс цар тахлын эсрэг Новавакс (Novavax) вакцин гаргаж аваад байгаа бөгөөд тэр нь туршилтын 3-р шатанд яваа юм байна.
Япон Улсын Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй мөн уулзалт хийлээ. Вакцины асуудлаар санал солилцон зөвлөлдлөө. Цар тахлын амаргүй үеийг даван туулахад зориулж Японы Засгийн газраас 233 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа билээ.
БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хунтай цар тахлын вакцины асуудлаар мөн уулзлаа. Өмнөд Солонгос улс нь бусад орны гаргаж авсан вакциныг захиалгаар үйлдвэрлэх нөөц бололцоо сайтай орнуудын нэг юм. Тиймээс вакцины үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, бэлтгэл ажил, бүх нийтийн вакцинжуулалтынх нь асуудлаар ярилцан мэдээлэл солилцлоо" гэв.
Сангийн сайд одоогоор манай улсад суугаа 7 улсын Элчин сайдтай уулзаад байна.