Даваа гарагаас худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 07:00-22:00 болгох захирамж гарлаа
12 сарын 12, 2020

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1280 тоот захирамж гарлаа. 

Захирамжийн агуулга нь 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх үйлчилгээний байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. 

 

 

 

Даваа гарагаас эхлэн үйл ажиллагааг нь нээх 34 чиглэлийн үйлчилгээ:

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар 
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол /Битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй найман үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг Даваа гарагаас нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий эдгээр 18 төрлийн үйлчилгээний байгууллагыг цаашид үе шаттай нээх юм.