Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д оролцож үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.
Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.
Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв. Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм.