Завхан аймгийн Дөрвөлжин суманд цианит натри асгарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллээр цацагдсан.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар өчигдөр тайлбар өглөө. Тэрбээр "Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй "Баян айраг эксплорэйшн" компанийн Баяжуулах үйлдвэрийн хэсгийн Үйлдвэрийн нягтаршуулан хамгаалсан талбайд натрийн цианитын ядуу уусмал асгарсан осол гарсан.
Энэ тухай мэдээлэл авмагц онцгой байдал, цагдаа, байгаль орчны хяналт зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, зохих арга хэмжээг авсан.
Натрийн цианитын ядуу уусмал асгарсан газрын хэмжээ нь 553 ам метр. Одоогоор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хүн, мал амьтан осолдсон зүйл байхгүй" гэв.