Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д “Covid-19 халдварын нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараам бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” гэж заасан.
Мөн 2.9-т “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Харин арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ" гэжээ.