Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн автомашины QR кодтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урьдын адилаар 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно. Өмнө нь авсан QR код идэвхжээд үйл ажиллагаа нь явагдана. Таксинд явах 800 машины үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээн дээр нэмж зөвшөөрч байна. Дахин хянаж эрүүл ахуйн хяналтыг мөрдүүлээд эдгээр такси үйлчилгээний машинууд арванхоёрдугаар сарын 23-нд явж эхэлнэ.
Нийтийн тээврийн 900 автобус хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Улаанбаатар хотод нийт 411 мянган өрх байдгаас 205,280 нь автомашинтай. 200 гаруй мянган өрх нь автомашингүй учир асуудал үүссэн тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Аль болох иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэлээ.