Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй хяналт шалгалтын талаар мэдээлж байна.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад хэрэгцээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлсөн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон агаар орчны бохирдлыг чиглэлээр гарсан захиргааны актын хэрэгжилтийг хангуулахаар
- Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,
- Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,
- Шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хангамж,
- Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд гэсэн дөрвөн чиглэлээр хяналт тавьж байна.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 97 хангамжийн бааз, агуулах, саравч, сайжруулсан шахмал түлш борлуулах 680 цэг үйл ажиллагаа явуулж байна. Нөөцийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 97 хангамжийн бааз, агуулах, саравчинд 40,374 тн, борлуулалтын цэгүүдэд 4,200 тн, үйлдвэрийн хашаанд 8,933тн шахмал түлшний нөөц байгаа бөгөөд нийт нөөц 53,509тн байна. Улаанбаатар хотын 14 орчим хоногийн нөөцтэй байна" гэв.
Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран 2020 оны 11, 12 сард өнжмөл түүхий нүүрс хадгалсан, түлсэн 13 зөрчлийг илрүүлж 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 300 гаруй тонн өнжмөл нүүрсийг дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хашаанд буулгуулсан гэдгийг тэрбээр мэдээллээ.