Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.
-Сангийн сайд асан Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг та уншигчдад тодорхой тайлбарлахгүй юу?
-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгэсэн. Одоогоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Тодруулбал, шүүхээс манай үйлчлүүлэгч Б.Болорыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.5, 3.8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 6.4 дэх хэсгийг зөрчсөн нь гэм буруутай гэж үзэх үндэслэл боллоо гэсэн.
-Тодруулбал?
-“Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминал” нь 2016 онд үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнагдсан байдаг.
Энэхүү төмөр замыг Засгийн газрын тогтоол, концессийн гэрээний дагуу “Кью Эс Си” ХХК-иас төрийн өмчит компани болох “Монголын төмөр зам” ХХК-нд өмчид шилжүүлсэн. Уг төмөр замыг 112.66 сая ам доллараар тооцож хүлээн авснаа баталж тухайн үед “Монголын төмөр зам” ХХК-ийн захирал асан Д.Ганбат нь тухайн үед Аж үйлдвэр болон Сангийн сайдад албан тоот хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Сангийн сайд нь вексель бичихдээ “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ыг зөрчсөн гэж шүүх дүгнэж, гэм буруутайд тооцсон. Тодорхой хэлбэл Сангийн сайд нь “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминал”-ын барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр буруутгасан.
-Сангийн сайд нь төсвийн хөрөнгө оруулалтын ажлын анхан шатны баримтуудыг заавал шалгаж байж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэдэг үү?
-Ямар ч боломжгүй. Ийм дүрэм, журам хаа ч байдаггүй. Шалгая гэсэн ч физичский боломжгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд Сангийн яам нь улсын төсөвт туссан 44 орчим их наяд төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг. Энэ болгоны анхан шатны баримтыг Сангийн сайд байтугай Сангийн яам цаашлаад манай улсын бүх татварын байцаагч бүгдээрээ зэрэг шалгаад ч амжихгүй. Харин энэ ажлыг захиалагчийн хувиар тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нар гүйцэтгэж, үнэн зөвийг тодорхойлсон хүсэлт ирүүлснийг Сангийн яам хүлээн авч шийдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар Төсвийн тухай хуульд заасны дагуу 34 төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
-Тэгэхээр та сангийн сайд асан Б.Болорыг хууль зөрчөөгүй, гэм буруугүй гэж үзэж байгаа юм уу?
-Тийм ээ. Тэрбээр хууль, журам зөрчсөн зүйлгүй, гэм буруугүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Зөвхөн би ч биш тухайн үед Сангийн яаманд ажиллаж байсан, хэрэгт гэрчээр оролцсон албаны хүмүүс бүгд хуулиар тогтоосон журмын дагуу ажилласан гэдгийг шүүхэд давхар давхар нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тийм ч учраас дээд шатны шүүхэд гомдол гаргаад байна. Дашрамд дурдахад, Б.Болорыг уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа завшсан үйлдэл байхгүй гэдгийг шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн.
-Тэгээд яагаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хорих ялаар шийтгэв?
-Албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Энэ нь албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан өөртөө ба бусдад хууль бус давуу байдал олгохыг хэлдэг. Харин албан тушаалтны зүгээс бусдад эдийн болон эдийн бус давуу байдал олгосон нь хууль ёсны бол тэр нь гэмт хэрэг биш юм. Жишээ нь, хотын захирагч бусдад газар эзэмших эрх олгосон нь хууль ёсны бол тэр нь гэмт хэрэг биш юм. Тэгээд ч энэ нь захирагчийг өдөр тутам хийдэг ажил юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан хэнд ч эдийн болон эдийн бус давуу байдал олгож болох бөгөөд гагцхүү тэр нь хууль ёсны л байх ёстой юм. Харин хууль бусаар давуу байдал олгосон бол энэ нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг юм. Б.Болорын хувьд Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Кью Эс Си” ХХК-нд вексель бичиж олгохдоо түрүүн дурдсан журмыг зөрчсөн гэж үзээд анхан шатны шүүх гэм буруутай гэж үзээд ял шийтгэсэн.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын долоон хүн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татсан. Ингэж шалгаж хорих байсан бол өмнөх дөрвөн жилд яагаад шалгаагүй юм бэ. Ер нь хэзээ энэ хэргийг гаргаж, буруутгах болсон талаар яриагаа үргэлжлүүлье?
-Энд нэг зориуд хэлэхэд, Сангийн сайд асан Б.Болорыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой үйл явдалд анхнаасаа шалгаагүй, түүнийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь ч мөн үүнд огт хамааралгүй. Харин энэ үйл явдал холбогдсон хүний хэргийг Б.Болор нар холбогдох хэрэгт нэгтгэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү хамтдаа юм шиг байдлаар мэдээлэгдээд байгаа юм. Хэн хэзээ шалгах нь хуулиар хүлээсэн мөрдөх, яллах нь прокурорын, шүүн таслах нь шүүхийн чиг үүрэг. Тэдгээр байгууллагын дотоод үйл ажиллагаанд өмгөөлөгч оролцоод зааварлаад байх боломжгүй.
-Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан гэдэг утгаараа буруудчихаж байгаа юм уу. Ер нь төрөөс гаргасан шийдвэрийн төлөө нэг сайд хохирч байгаа нь хэр зөв юм бэ?
-Аж үйлдвэрийн сайдын санал болгосноор Засгийн газар “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминал”-ыг төрд хүлээн авах тухай шийдвэр гаргаж, санхүүжилтийг нь шийдэхийг Сангийн сайдад үүрэг өгсөн. Төрийн санхүүжилт бүгд л ингэж явагддаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар хууль тогтоомжид үндэслэн санхүүжилтийн захиалгаа Сангийн яаманд өгдөг. Түүнийг нь Сангийн яам шийддэг. Сангийн сайд ч биш асуудал хариуцсан мэргэжилтэн нь шийддэг. Гэтэл Засгийн газар, холбогдох яам, төрийн өмчит компани нь шийдвэрээ гаргасан байхад Сангийн сайдыг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Тэрхүү бүтээн байгуулалтын төмөр замыг төрийн өмчит “МТЗ” ХХК одоо идэвхтэй ашиглаж байгаа юм билээ. Уг бүтээн байгуулалт нь оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч, саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх очоод амаа олохгүй магтаад байсан хувийн хөрөнгө оруулалтаар анх баригдсан төмөр зам юм. Мэдээж төрийн албан тушаалтан хэн ч бай хууль бус шийдвэрийг зориуд гаргаж, бусдад хууль бусаар давуу байдлыг зориудаар олгосон бол хуулийн гэсгээлийг хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Харин хуулийн хүрээнд ажилласан албан хаагчийг хууль зөрчсөн гэж гүтгээд яллаад байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хэлмэгдүүлэлтийн эхийг бий болгож байгаа юм.
-Гэмт хэрэг гэхээс гадна улс төрийн хүрээнд хаанаас шидсэн чулуу байв. Энэ хүнийг хоргоосон нөхцөл байдал юунаас болж бүрдсэн бэ?
-Хууль тэр дундаа шүүхийн ажил бусдын ашиг сонирхол, улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх зарчимтай. Үгүй бол өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлт давтагдаж шинжтэй. Би улстөрч биш учраас хөшигний цаана болж байгаа нарийн ширийн зүйлийг мэдэхгүй шүү дээ. Өмгөөлөгч бол шүүхийн индэр дээрээс үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэдгийг л нотлох, яллагч талтай мэтгэлцэх чиг үүрэгтэй этгээд юм.
-Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ял зэмийг нь бодитой шударгаар шүүсэн гэж дүгнэж байгаа юу. Үндэслэл нь энэ хэмжээний ял оноох хэмжээнд бий юү?
-Шүүхийн шийдвэр өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгааг энд давтан хэлье. Шүүхийг зөвхөн дээд шатны шүүх нь л шүүдэг. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаа тул ял хүндэдсэн тухай бус түүнийг цагаатгах тухай асуудлыг дээд шатны шүүхэд гаргаад байгаа болно.
-Монгол Улсад мэргэшсэн албан тушаалтан, сайд дарга нараа заавал барьж хорьдог буруу жишиг тогтчихоод байна уу даа. Та хувь хүнийхээ үүднээс үүнийг юу гэж харж байна вэ?
-Авлигтай тэмцэх нэрийн дор маш хортой нугалаа гарах вий л гэж эмзэглэж байна. Манай улсын түүхэнд иймд зүйл маш тод хар толбо болон үлдсэн байдаг. Тухайн үед “ардын дайсан, хувьсгалын урвагч, Японы тагнуул” гэх мэтээр олон нийтээр үзэн ядуулж, араас яллаж байсан. Одоо ч ийм нөхцөл байдал ажиглагдаж байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хувь хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэх мэт мэдээллийг албаны байгууллагаас гаргаж, шүүхээс гэмт хэрэг биш гэж үзсэн тохиолдолд “хонгилын шүүх” гэх мэт эрх зүйн хувьд гаж үзэгдэл гарсаар байна. Энэ нь зарим тохиолдолд шүүхэд шууд бусаар нөлөөлөх оролдлого байхыг үгүйсгэхгүй юм. Захиргааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаалтан болгоныг “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаад байвал захиргааны хэргийн шүүх ажилгүй ч болж мэдэх юм. Аливаа зүйлийг ялангуяа эрх зүйн зөрчил, түүнд ногдуулах хариуцлагыг хавтгайруулбал нөгөө талаас мөрдөх, яллах байгууллагын дур зоргын шинжтэй асуудал болон хувирч мэдэх юм. Энэ нь хүний эрхийг хангах, ардчилал, шударга ёсыг хамгаалах, сэргээн тогтооход ноцтой доголдол, завхрал үүсгэж болзошгүй юм.
-Сангийн сайд асан Б.Болорыг хувь хүнийх нь хувьд та хэр сайн мэдэх вэ?
-Хувь хүний хувьд шударга, өндөр боловсролтой, мундаг залуу гэж боддог. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2014-2016 онд Сангийн сайдыг нэр төртэй гүйцэтгэж байсан. Тэрээр 70 оны залуусын үлгэр жишээ төлөөлөл бөгөөд зургаан хүүхэдтэй эцэг хүн юм. Европын их сургуулийг амжилттай төгссөн гурван монгол залуугийн нэг. Гэмт хэрэг үйлдээгүй байж, гэмт хэрэгтэнд тооцогдож байгаа нь ямар сайн байх вэ дээ. Гэр бүл, найз нөхөд, сонгогч олон түмэн юу гэж бодох вэ. Маш харамсалтай байгаа. Дээд шатны шүүх үнэн мөнөөр шийдээд өгнө гэдэгт итгэл дүүрэн байна.
Тэрбээр төрийн албанд ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар ба Европын холбооны хооронд “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулагдахад гардан гүйцэтгэсэн, үүнийхээ төлөө төрөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсныг мэдэх юм. Түүнчлэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтын хуулийг санаачилж, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн, Монгол Японы хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах ажлын хэсгийг ахалсан, гэрээг байгуулсан, Засгийн газар ба Хан-Ресурс хоорондын маргаанд Засгийн газрыг төлөөлж амжилттай ажиллан төлбөрийг 50 сая доллараар хасуулж байсан, 2016 оны улсын төсвөөс 1.6 их наяд төрөгийг хэмнэх санал гаргасан ажил болж байсан, 2008-2012 онд Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр эхлүүлэхэд ихээхэн идэвхи, санаачилгатай ажиллаж манай улсын хөгжилд онцгой хувь нэмэртэй олон шийдвэр санаачилж, ажил хэрэг болгож байсан өндөр боловсрол, мэдлэгтэй эдийн засагч юм. Цаашдаа ч Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна.
С.ЛХАМСҮРЭН