ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Сүүлийн 24 цагт 127 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжээд байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1,082 болсон. Үүнээс 711 хүн эдгэрч, халдвар авсан хүмүүсийн 65.7 хувь нь эдгэрлээ.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгэд өнөөдрийн байдлаар 362 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53, хөнгөн 300 байна.
Халдварын эхний голомтууд хяналтад орж, хүрээ хязгаар нь тогтоогдсон ч дараа дараагийн голомтууд гарч ирж байна. Томоохон голомт дэгдэлтүүдийн дараа хүн амын дунд алаг цоог байдлаар халдвар гарч болно. Тиймээс бид томуугийн тандалтын тогтолцоондоо суурилан хүн амын дунд коронвирусийн тандалтыг өргөжүүлэх, сорьц авах үйл ажиллагааг эхлүүлж байгаа" гэв.