Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо.
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөмжлөл, шагналыг ажлын байран дээр нь биечлэн гардуулж өглөө. Мөн дээрх ажилтан, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм.
Түүнчлэн салбартаа хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагчдыг дээрх хэлбэрийн орон сууцанд орох батламж олгож урамшуулсан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нарт батламжийг Нийслэлийн Засаг дарга ажлын байран дээр нь гардууллаа.