Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг нь үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Эмнэлэг ашиглалтад орсноор 157 мянган иргэн дэлхийн стандартад нийцсэн тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бий болно. Мөн коронавирусийн халдварын тархалтын энэ үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтайгаар тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагааг явуулах боломжтой.
Эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналт хийж, өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ний өдөр техникийн комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авчээ.
Энэхүү эмнэлэг нь олон улсын стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үзүүлэх, тав тухтай аюулгүй байдлыг хангасан эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангасан орчин үеийн технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.