Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн эцсийн шатны шүүх хурал өнөөдөр болно
1 сарын 8, 2021

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон байсан ба Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээгээд байсан юм. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн байв. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.