Хулгайн замаар хүн тээвэрлэсэн 25 жолоочийн машиныг нь хураажээ
1 сарын 8, 2021

Өмнөговь аймгийн онцгой комиссоос нэгдүгээр сарын 5-нд  Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуйн байгууллагуудын ажилчид, жолооч нарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл өөрийн аймгийн үндсэн харьяат биш  бол орон нутагтаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.  Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт  хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар Covid-19 халдварын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, дараах зөрчлийг илрүүлжээ. 

Тодруулбал, Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдэд тус, тус  зөрчлийн хэрэг нээн, мөн Зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэрлэхгүй  байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж  байна.