Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 13 хүнээс халдвар илэрч, дотоодын халдварын тоо 942 боллоо
1 сарын 11, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд 14,216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.  "Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. 

  • "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. 
  • "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
  • "Мөнххада" компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,442 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 535 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 байгаа" гэв.