Гэр бүлийн халдварууд бүртгэгдэж нийт 14 шинэ тохиолдол илэрлээ
1 сарын 12, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 15,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задлат танилцуулбал,

  • БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
  • БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой  гэр бүл дамжсан халдвараар нэг хүн өвчилсөн байна.
  • ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.

Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 43 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,456 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 427 байгаа" гэв.