МХЕГ-ын Шуурхай штабаас өчигдөр нийслэл болон орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчидтай цахимаар хуралдаж үүрэг чиглэл өглөө.
УОК-ын даргын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/ -ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” 05 дугаар тушаалаар Монгол Улс Ковид-19-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх бүх үе шатанд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас түр заавар баталсан бөгөөд хяналт шалгалтыг дараах 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Дархлаажуулалтын бэлтгэл ажлыг хангуулах хяналт
- Вакциныг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт
- Вакцинжуулах үйл ажиллагаанд тавих хяналт
- Дархлаажуулалтын дараах хамралтын үнэлгээг хийх
Ковид-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакциныг дэлхийн улс орнууд гарган авч, хэрэглэж эхлээд байгаа бөгөөд үйлдвэрлэгчээсээ хамааран хадгалалт, тээвэрлэлтийн горим өөр өөр байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор энэ сард багтаан улсын хэмжээнд хийгдэж буй хяналт шалгалтаар дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж, хүний нөөц, сургаж бэлтгэгдсэн байдал зэргийг шалгаж бэлтгэл байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх юм.
Манай улсын хувьд Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотойгоор улсын байцаагчдыг сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн орон нутагт коронавируст халдварын өвчлөлийн голомт хумигдаж, халдваргүй бүс болж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус замаар орон нутаг руу нууцаар зорчих, мөн уул уурхайн ажилчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаатай холбоотойгоор бэлэн байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.