Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ талаар танилцуулга хийсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ оны эхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал алхам болсон. Энэ хуулийг хэлэлцэж батлахад АН-ын бүлэг идэвхтэй оролцож ажилласан. Гэхдээ хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайн нягталж үзэх, хоригийн үндэслэлийг сонсож танилцах шаардлагын үүднээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.