Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45-р байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, бүртгэгдсэн 2 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн Эрүүл мэндийн төвийн Явуулын баг 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02:00 цагийн хооронд 3 дугаар хорооны 45-р байрны 119 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна. Халдвар бүртгэгдсэн 45-р байр болон ойр орчмын бүх аж ахуй нэгж байгууллагуудыг ЗООНОЗ-ын өвчин судлалын төвөөс ариутгал, халдваргүйтлийг хийгээд байна. Иргэд та бүхэн коронавируст халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, төр захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг дэмжин иргэний үүргээ биелүүлэн хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье. Халдварын эрсдэлийг бууруулахад төр иргэний хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал хамгаас чухал байгаа тул шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүн хүн хоорондын зай барихыг уриалж байна.
Холбоотой мэдээ