Цас орж, цасан шуурга шуурна
1 сарын 30, 2021

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 30-нд Хөвсгөл аймгийн нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Харин салхины хурд 31-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 Мөн 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Иймд:

  • Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэл болох салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.