Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газарт 2021 оны нэгдүгээр сарын 30-ны 10:00 цагийн орчимд 16 настай, эрэгтэй А нь явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон.
Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 31-ний өдрийн 01:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн А-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулах явцад тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-ны 20:13 цагт үүрэн холбооны утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Иймд, цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.