Гурван байнгын хороо хуралдана
5 сарын 16, 2018

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцлын талаар БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох юм.

Мөн цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Уг хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ.