500 ӨРХӨД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ОЛГОЛОО
2 сарын 5, 2021
Нийслэлийн хэмжээнд өрнөж буй “Дэм дэмэндээ” аянд Имарт нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд үүнээс 500-г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн билээ.
Хүнсний дэмжлэгийг хүлээн авах үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан аж ахуйн нэгжээс эхлээд айл өрх бүрт хүндрэл гарч орлого буурч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаан Загалмайн хороо, нийслэлийн ЗДТГ болон Олон улсын байгууллага, сайхан сэтгэлт иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өнгөрсөн хугацаанд үе шаттайгаар зорилтот бүлгийн 6599 айл, өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ. Имартын хамт олноос үзүүлж буй энэ удаагийн хүнсний багцыг төрөөс ямар нэгэн халамж авдаггүй, өмнө нь хүнсний тусламжинд хамрагдаагүй, дэмжлэг нэн шаардлагатай өрхүүддээ хүлээлгэн өгнө” гэсэн юм.
Тиймээс Сүхбаатарчууд хороодоос гаргасан судалгаанд үндэслэн, мэргэжилтнүүдийг томилон сонгогдсон айл өрхүүдийн амьжиргаа, нөхцөл байдлыг дахин үнэлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүнсний дэмжлэгээ олголоо.