Сар шинийн өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд 2021.02.11-ний өдрийн 09:00 цагаас 2021.02.15-ны өдрийн 09:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллаж, шуурхай мэдээллийг хүлээн авна.
Мөн энэ өдрүүдэд Засаг даргын дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын албад тус тусын байрандаа хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болголоо. Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, хэлтэс албадын дарга, захирал, эрхлэгч нар байнгын бэлэн байдалд байж, гар утсаа нээлттэй байлгахыг даалгав.
Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг Сүхбаатар дүүргийн Шуурхай штабын 70070117 дугаарын утсанд болон нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой. Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн гүйцэтгэх үүрэг, хуваарийг бүх хэлтэс, албадад бичгээр хүргүүллээ.