Философийн үндсэн мэдэгдэхүүн: Онцлох хорин эшлэл
2 сарын 8, 2021

Хүн төрөлхтөний соёл иргэншлийн үүрийн гэгээ бол философи гэхэд хилсдэхгүй. Тэгвэл философийн ухааны доктор С.Соёлмаагийн "Философийн үндсэн мэдэгдэхүүн" хэмээх ном гараад удаагүй байгаа билээ. Философийн шинжлэх ухааныг сонирхон үзэгч хийгээд, мэргэжлийнхэнд ч үнэтэй гарын авлага болохуйц уг бүтээлийг уншаад үзэхийг уншигч танд санал болгоход таатай байна. Уг номыг зохиогч С.Соёлмаа нь бүтээлээ бичихдээ энгийн төдийгүй, философи бол "аймаар" гэж боддог хүнд ч ойлгомжтой байхаар бичсэн нь олзуурхууштай. Ингээд эл бүтээлийн онцлох 20 ишлэлийг хүргэе. Эдгээр нь зөвхөн уншигч миний хувьд гэдгийг бодоэ үзнэ биз ээ. Эрхэм та уг номыг уншаад бас өөрийнхөө хувьд онцлох эшлэлийг ч бичихэд болохгүй юмгүй шүү дээ.

-Философи бол хүнийг, байгалийг, ер нь юмсыг объект байдлаар судалдаггүй. Философи нь бусад шинжлэх ухаан шиг объектив судлагдахуунгүй юм. Философи бол бид өөрсдөө юм.

-Хүн бол мөн чанараараа бодит байдлыг сайхнаар төсөөлж, бодит байдалд сайхан, муухай, уран яруу, гайхамшигтай, гутамшигтай, эмгэнэлтэй, инээдэмтэй гэсэн утгыг өгч байдаг, үнэлэмжээр ханддаг билээ.

-Дао бол мөнхийн, үл нэрлэх, биет бус, хэлбэргүй, шл арилах, байнгын хөдөлгөөнд оршдог, бүх оршин буй зүйлийн эхлэл, яг л тэнгис далай ус мөрнийг бий болгосон уулын горхитой адил юм. Бүх оршин буй зүйл нь ахуйгаас, харин ахуй нь ахуй бусаас үүсдэг.

-Буддын логикчид нэлээд үндэслэлтэйгээр үнэндээ юу ч байхгүй бөгөөд тодорхой илрэлдээ үнэмлэхүй байдаг зүйл гэж үгүй гэж баталдаг. Тиймээс бүх зүйлийн бодит оршихуйг үгүйсгэж болно. Юмсын жинхэнэ мөн чанар нь шалтгаан үрийн харилцаанд хамаарахгүй бөгөөд энэ нь ертөнцийн гадна, мөнхийн үл өөрчлөгдөх чанар юм. Тиймээс үүнийн танин барих бололцоогүй. Тиймээс энэ нь хоосон чанар юм.

-Платон нь төрөл ба зүйлийг бодитой оршин байдаг хэмэнэ үзсэн бол, Аристотель нь хуваагдашгүй зүйлийг /индивидум/ мөн чанар буюу ахуй гэж нэрлэсэн байна. Жишээ нь, энэ хүнийг, энэ морийг ахуй гэнэ. Харин төрөл, зүйл бол төрмөл, хоёрдогч мөн чанар юм гэсэн байна.

-Дундад зууны  философичдийн хувьд аливаа танин мэдэхүй нь дөрвөн асуултад хариулдаг. Үүнд: Юмс байдаг уу?, Юмс гэж юу вэ?, Юмс ямар байдаг вэ?, Яагаад яах гэж байдаг вэ?. Эхний асуулт бол оршихуйн, бусад нь юмсын мөн чанарын тухай асуулт юм.

-Сэргэн мандалт бол хүн ба ертөнцийн төгс дүр төрхийн цуглуулга, бүтээн байгуулалт юм. Сэргэн мандалтын үеийн ухамсрын үндэс нь нь хүний ертөнцийг бөхлөгч бөгөөд өөрийн дүр төрхийг өөрөө тодорхойлох, бүх ертөнцийн хэмжүүрээр өөрийгөө дэвшүүлэх чадвартай хэмээн үзэхэд оршино.

-Оюун ухааны үнэн гэдэг бол үргэлж зайлшгүй бөгөөд нийтлэг шинжтэй, баримтын үнэн нь магадлалт шинжтэй. Үнэмлэхүй үнэн мэдлэг бол баримтын үнэн бус, харин оюун ухааны үнэн байдаг.

-Философи нь зөвхөн шинжлэх ухааны танин мэдэхүйн нэг хэлбэр бус, хүний үйл ажиллагааны бүхий л хүрээг хамарсан үнэлэмжэрхэмлэлүүдийг өөртөө агуулдаг учир логик кагварт буулгах боломжгүй мэдлэгийн хэлбэр юм.

-Феноменологи философийн хувьд үл харагдах зүйл нь огт харагдахгүй гэсэн үг биш. Харин харагдаж амжаагүй зүйл бөгөөд энэ үл харагдах зүйл нь мөн чанартаа харагдахгүй биш, харин бидний жам ёсны үзэлд эхнээсээ ил тод байдаг зүйл юм. Бид харж байна гэж санадаг, биднийг хүрээлж буй зүйлс нь бидний төлөө л ил тод байдаг.

-Надад хамгийн ойр нь миний амьдралын ертөнц юм. Амьдралын ертөнц гэдэг бол намайг шууд байдлаар, миний амьдралын туршид хүрээлж буй хүмүүс ба юмсын ертөнц юм. Энэ бол миний хот, миний гэр бүл, миний эх орон гэх мэт. Энэ бол миний өөрийн хувийн сонирхол, итгэл үнэмшил, мэдрэмж, дадал зуршил юм. Соёл, шинжлэх ухаан, шашны ертөнц бүгд энэ амьдралын ертөнцөөс урган гардаг.

-Ёс суртахуун бол хүний ухамсараас үүдэлтэй бөгөөд практик үйлдлээр нөхцөлддөг юм. Ёс суртахууны ойлголтууд нь хүний мэдрэмж, хүслийн объект байдаг. Тийм учраас ямар ч дээрээс, Бурханы оноож өгсөн үнэмлэхүй ёс суртахууны хууль гэж үгүй юм.

-Хэл нь сэтгэц задлан шинжээчийн ажиллах ёстой цорын ганц бодит байдал буюу талбар бөгөөд хүний сэтгэц, зан байдлын далд ухамсрын үйл ажиллагааны зөрчлийг шийдвэрлэх материал юм.

-Романтизм нь үнэлэмжийн онол үүсэх үндсийг тавьсан ба сэтгэлгээний танин мэдэх боломжийг боломжийг үнэмлэхүй гэж үздэг соён гэгээрлийн рационализмд хүний оюуны амьдралын сэтгэл хөдлөлийг сөргүүлэн тавьсан ба Кантын дүр төрхгүй трансценденталь субъект нь ертөнцийг уран зөгнөлөөрөө мэдэрч бүтээж буй, хувь дахин давтагдашгүй Фихтщгийн "Би"-д байраа тавьж өгсөн юм.

-Дорно бол соёлын уламжлалт хэв маягийн үнэлэмжийн тогтолцоогоо хадгалдаг бол Өрнө нь хувь хүний эрх чөлөөг хамгийн дээд үнэлэмж гэж үздэг ба энэ нь улстөрийн эрх чөлөө, уран сайхны эрх чөлөө болох "уран бүтээлийн эрх чөлөө", гоо зүйн үнэлэмж болох "индивидуаль мэдрэмж" гэх мэт бусад үнэлэмжээ бүгдийг нь багтаадаг.

-Шашин бол хүнд ирээдүйдээ итгэх итгэл найдварыг өгч байдаг төсөөлөл, дүрс стгэлгээ юм.

-Танд тушаал өгөхийн тулд ямар нэг үр дүнд хүрэхийг би хүёэх ёстой юу? ахлагч цэрэгтээ үүргийн дагуу ямар нэг аюултай тушаал биелүүлэхийг шаардахдаа цэрэг түүний тушаалыг биелүүлэхгүйтэгээд үхэхгүй гэж найддаг гэж үү.

-Соёл судлаач бол ажиглалтын шууд үр дүнд бус, харин янз бүрийн нийгэм, эрин үед хамааралтай элементүүдийн логик холбоо хамаарал, логик, онол зүйн утга зүйн байгууламж дээр тулгуурлан, нийгмийн субъект бүрт хамаатай дүрийг яг зохиолч мэт эрэлхийлэх ёстой юм.

-Төрийн гол үүрэг нь хууль эрхзүйгээр хангах, иргэдийг гадаад хүчнээс хамгаалах, сүм хийдэд тусалж, буруу номтнуудтай тэмцэх юм.

-Монголчууд нь домгийн сэтгэлгээний асар их баялагтай ард түмэн бөгөөд эрт дээр үеэс буган хөшөө, хүн чулуун дээр газар, тэнгэр, нар сар, уул ус амьтныг дүрсэлж, өөрсөддөө тохиолдож байсан гай зовлон, байгалийн гамшигт үзэгдлийг давж туулах арга хэрэгслээ болгосоор ирсэн байна.