Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
2 сарын 9, 2021
Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун хэсгээр, маргааш өдөр Ховдын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн маргааш буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

-Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур  секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Ерөө голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. 

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн уулархаг нутаг, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Пүрэв гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус хүрнэ

 Энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Хоёрдугаар 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.