Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өглөө. Тэрбээр ЭМЯ-ны харьяа болон НЭМГ-ийн харьяа бүх эрүүл мэндийн байгууллага хамтран иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг мэдээллийн эхэнд онцолж дараах арга хэмжээг танилцуулав.
Иргэд анхаарвал зохих зүйлс:
- Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг тухайн эрүүл мэндийн байгууллага үзээд, үргэлжлүүлэн хэвтэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах үүргийг тухайн эмнэлгийн байгууллага хүлээнэ.
- Түргэн тусламжаар тусламж авч буй иргэд биеийн байдал нь хямарсан хүнийг аль болох дагаж явахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэх бодлого барина. Зайлшгүй нөхцөлд сахиур хамт явахыг зөвшөөрнө. Тухайн сахиур өөрөө үргэлжлүүлээд тухайн эрүүл мэндийн байгууллага дээр байрлах бөгөөд байрлах орчинг нь тухайн эмнэлгийн байгууллага хариуцна. /дагалдаж явах сахиур нь жирэмсэн хүн, өөртөө үйлчлэх чадваргүй хүн хүүхэд байж болохгүй/
- Амаржих газруудаас гэрт нь гарах нөхцөлд тухайн амаржсан эх болон нярайг нийслэлийн түргэн тусламжийн газар хариуцан гэрт нь хүргэнэ.
- Нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн төв гэрийн эргэлт, жирэмсний хяналт, бусад нярайгаа үзээд урьдчилсан үнэлгээ хийж дуусаж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед утсаар байнга зөвлөгөө үйлчилгээг үзүүлнэ.
- Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.
- Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.
- Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.
- Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах 2-оос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгаа талаар мэдээлэл тэмдгээ гадна талд байршуулах шаардлага тавих, иргэдийг мэдээллээр хангана.
- Товлолын дархлаажуулалтыг хойшлуулна.
- Илрүүлэг шинжилгээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг автобусаар тээвэрлэнэ.
- Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, заслын дараах тусламж үйлчилгээ (боолт, гэрэл)шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцна.
- Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн эмнэлэг нь иргэнийг хүргэж өгөх тул хувийн машинаар явахгүй.
- Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.
Өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд:
- Ээлжийг 24/48 цагийн горимд түр шилжүүлнэ
- Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна.
- CT, MRI ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ НЬ ИРГЭДЭД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ 24 ЦАГААР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Түүнчлэн нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт) тохиолдолд ПГУ/PCR шинжилгээг авах зохицуулалт хийх аж.