Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
2 сарын 24, 2021

Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу “Хадан хүй” орчимд хар, цагаан хил гарсан байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг. Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа аж.