3112 хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна
2 сарын 25, 2021

Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогоор 99 улс оронд 218 сая хүнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 6.14 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг юм. Манай улс коронавирусийн эсрэг АстраЗенека вакцинжуулалт эхлээд хоёр хонож байна. Бид эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14,092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн.

Үүнээс өнөөдрийн байдлаар 3,112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 22 хувийг эзэлж буй. Ямар ч вакцин хийлгэсний дараа биеийн ерөнхий хариу урвалын шинж тэмдгүүд илэрдэг.

Үүнд,

  • Халуурах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх
  • Чичрүүдэс хүрэх
  • Даарах
  • Бүх бие, үе мөч өвдөх
  • Ядрах
  • Хамар битүүрэх
  • Хэсэг газарт улайх, хавдах зэрэг шинж тэмдэг багтаж байна. Дээрх шинж тэмдгүүд вакцин хийлгэснээс хойш 2-3 хоногт алга болдог.

Хэрвээ тухайн шинж тэмдгүүд илүү мэдрэгдэж эхэлбэл иргэд 119 болон вакцин хийлгэсэн харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой" гэв.