Коронавирусийн эсрэг дархлаажуулалт манай улсад хоёрдугаар сарын 23-наас эхлээд буй. Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эхний ээлжийн вакциныг дархлаажуулалтын лавлагаа болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр байрлаж байгаа 22 нэгжээр хоёрдугаар сарын 23-наас хойш 9,531 хүнийг вакцинд хамруулах ажлыг зохион байгууллаа.
Уг вакцинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажиллагаанд дайчлагдан ажиллах бусад салбарын хүмүүсийг хамруулахаар зорьж байна. Вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцин хийлгэсэн хүмүүст илэрч байна. Халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, хэсэг газар тарьсан ор дээр өвдөх зэрэг урвалууд манай улсын вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувьд илэрсэн.Эдгээр шинж тэмдэгүүд өөрөө аяндаа хоёроос гурав хоногт арилж байна.
Шаардлагатай бол шинж тэмдэгийн эмчилгээг зааврын дагуу хийнэ. Одоогийн байдлаар вакцины дараах ноцтой хүндрэл бүртгэгдээгүй. Дархлаажуулалт хэвийн явагдаж байна” гэдгийг хэллээ.
Манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтад өдөрт хэчнээн хүн хамрагдаж байгаа тухайд "Улаанбаатар хотод эрүүл мэндийн төвүүдэд байрлаж буй 22 цэгээр коронавирусийн эсрэг дархлаажуулалт төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж байна.
Төлөвлөгөөний дагуу бид эхний ээлжид эрүүл мэндийн эмч, ажилчдыг дархлаажуулсан.
Энэ долоо хоногоос хариу арга хэмжээний багийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
24 цагийн хугацаанд буюу гуравдугаар сарын 1-ний өдөр л гэхэд нийтдээ 1,700 хүн 22 цэгээр вакцинжуулалтад хамрагдсан байна" гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өглөө.
Өчигдрийн хувьд 8,000 гаруй хүн вакцин хийлгэсэн бөгөөд эхний ээлжинд 16 байгууллагын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажил 12 хувьтай зохион байгуулагдаж байгааг мөн мэдээлсэн юм.