Нийслэлд зохион байгуулж байгаа коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 20 цэгээр дархлаажуулалтын ажлыг хийж байгаа. Гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 15,432 хүнийг вакцинд хамруулаад байна. Халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас гадна цар тахлын үед үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай онцгой ажил мэргэжлийн хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байгаа.
Энэ хугацаан эрүүл мэндийн байгууллагын 10,148 ажилтан, салбар хоорондын байгууллагуудын 3,568 мэргэжилтэн болон бусад 1,716 хүнийг хамруулаад явж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагууд харьяа дүүрэгтэйгээ холбогдож вакцинжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Дүүргүүдэд вакциныг хуваарилсан байгаа бөгөөд цөөн ажилтантай хувийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид дүүрэг дээрээ очиж вакцинаа хийлгэнэ. Харин олон ажилтантай газар вакцинжуулалтын цэгээ бэлтгээд дүүрэгтэйгээ холбогдож, вакцинатор авна.
Мөн үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх ёстой байгууллагуудын вакцинд хамрагдах төлөвлөгөөг гаргаад дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байгаа. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 хувьд вакцин тариулсны дараа илрэх хэвийн урвал илэрсэн. Урвалууд хэвийн түвшинд байгаа гэж үзэж байна. Ноцтой хүндрэл гараагүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа" хэмээн ярилаа.