БЗД-ийн 26 дугаар хорооны 36 байранд халдварын 54 тохиолдол батлагджээ
3 сарын 18, 2021

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд доктор А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавируст халдвар Улаанбаатар хотод нэлээд өргөн хүрээнд тархсан байна. Ийм үед халдвар хаана их гарч байгаа газарт нь тохирсон хариу арга хэмжээг авдаг. Өнөөдөр нийслэлийн хэд хэдэн газарт халдварын эрсдэл маш өндөр байна. Тухайлбал, эрсдэл өндөртэй газарт нийслэлийн хамгийн олон хүн амтай хороо буюу БЗД-ийн 26 дугаар хороо багтаж байгаа. Тус хорооны нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 36 байранд 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтлын 200 гаруй хүн бий.

Батлагдсан нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авсан байх эрсдэлтэй. Тиймээс уг эрсдэлээс сэргийлж, халдварыг бууруулахын тулд энэ сарын 17-ноос эхлэн тухайн нутаг дэвсгэрт богино хугацааны хөл хороог тогтоосон. Энэ үйл ажиллагаанд тус хорооны иргэд идэвхтэй оролцож буй. Өчигдрийн байдлаар гэхэд нийт шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 60 гаруй хувь нь шинжилгээгээ өгсөн. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь шинжилгээнд хамрагдвал бүх хүн шинжилгээгээ өгч дуусна гэсэн үг. Үүний зэрэгцээ БЗД-ийн 26 дугаар хорооны зарим байр, гудамжинд халдваргүйжүүлэлт хийж, 50-65 насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.