Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 12,326 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 206 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,392 болж байна. 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна. Өнөөдрийн байдлаар нийт 1,419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,218, хүндэвтэр 183, хүнд 14, нэн хүнд 4 хүн байна." гэв.