Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ
2 сарын 28, 2022

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээлэл иржээ. Хоёр хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд гэмтэж бэртсэн байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 169 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 129, орон нутагт 40 байв.

Мөн эдгээр өдрүүдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсоны улмаас 8 хүн гэмтэж бэртсэн байна.