Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.
Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад веб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, нийгмийн шинэ хэв журам дэлгэрсэн өнөө цагт технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг илүү төгөлдөршүүлэхэд залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “D-Parliament” систем бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр “хэвтээ” хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” хэмээн тодотгосон юм.