Төмөр замын хамгаалалтын зурвасыг давсны улмаас ачааны галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ. Өчигдөр 07:17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт суудлын автомашин ачааны галт тэргэнд мөргүүлсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 63 настай, эмэгтэй иргэн “Тоёота Филдэр” загварын суудлын автомашинтайгаа “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсоноос ачааны галт тэргэнд мөргүүлсэн байсан аж.
Ослын улмаас автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгож, тус автомашиныг өргөгчөөр төмөр замын бүсээс гаргасан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.