УВС ШАХАА
3 сарын 23, 2021

-УЛСЫН ХАРЦАГА А.БЯМБАЖАВЫН КОМПАНИ ХОГНЫ МАШИНЫ ТЕНДЕРТ ШАЛГАРСАН ШАСТИР -

Нийслэлийн хамгийн олон хүнтэй Баянзүрх дүүрэгт тулгарч буй асуудлын нэг нь хур хог. Иймээс тус дүүргийн VIII, X, XX, XXIII, XVIII хороонд 3 ширхэг хогны машин, бусад хороодод 28 ширхэг хогны машин авахаар төлөвлөж төсөвт суулгасан. Ингээд 2020 оны тавдугаар сарын 11-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хогны 3 машин дээр тендер зарлахад “Бадрангуй орших” компани зургадугаар сард шалгарчээ.

Гэвч “Бадрангуй орших” компанийн Баянзүрх дүүргийн хот тохижилтын байгууллагад нийлүүлсэн хогны машин тендерт заасан техникийн шалгууртаа нийцээгүйгээр үл барам эвдэрчихсэн байгаа нь дүүргийн оршин суугчдын дунд багагүй хэл ам таталж байна. Бүр хууль хяналтын байгууллагад холбогдох албаны хүмүүсийг ээлж дараалан өгч, шалгуулах асуудал өрнөж байгаа юм байна. Саяхан энэ тухай Засгийн газрын 11-11 төвд хуульчаар дамжуулж ханджээ.

Opendata.burtgel.gov.mn сайтаас шүүрдэж үзвэл “Бадрангуй орших” компани нь Увс аймгийн Сагил сумын уугуул улсын харцага А.Бямбажавын гэргий Н.Батхишигийн нэр дээр байна.

Тендерт шалгарсан хугацаагаар тулгаж үзвэл Нийслэлийн Засаг даргаар Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат одоогийн Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байж таарчээ. Сангийн сайдаар Увс аймгийн Улаангом сумын харьяат Ч.Хүрэлбаатар сайд ажиллаж байсан цаг. Тендер дээр нутгархаагүй байлгүй дээ, гэхдээ хардаж үзвэл хэн ч хардахаар гомдмоор зүйл болж.

Худалдан авах ажиллагааны газрынхан Хог тээврийн автомашин нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендертээ 4.7 кг даацтай, шинэ, ардаа шахагчтай байх техникийн шалгуур тавьжээ. Энэ шалгуурыг “Бадрангуй орших” компани зөвхөн цаасан дээр л биелүүлж, илүү хямд үнэ санал болгож тендерт ялсан байна. Гэвч бодит байдал дээр тэр үнээрээ 2 тонн даацтай хогны машин нийлүүлсэн нь гаалийн бүрдүүлэлтээр, хуучин машин нийлүүлсэн нь Ажлын хэсгийн протоколоос ил болоод байна. Татвар төлөгчдийн мөнгөөр БНХАУ-аас чанаргүй техник оруулж ирэхэд нь хүлээн авсан хүмүүс М.Аригуун, Р.Чойжилжав, М.Галбадрах, Х.Азжаргал, Б.Мөнхжаргал. Тухайн үед Ажлын хэсгийн гишүүн М.Галбадрах, “Цоо шинэ машин байхад хорт утаа их байгаа” талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын харцага А.Бямбажавын гэргий Н.Батхишигийн “Бадрангуй орших” компани нь анхнаасаа техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй хогны машин санал болгохдоо үзүүлэлтийг нь хуурамчаар өсгөж, илт худал материалаар тендерт шалгарчээ.

Бага үзүүлэлттэй, тендерийн шаардлага хангаагүй машиныг нийслэлд нийлүүлж байхад ажил хариуцсан хүмүүс хайнга хандаж, төсвийн мөнгө уйлдаггүй гэсэн зарчмаар хандсан нь гомдмоор. Японы Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотод хэд хэдэн хогны машин буцалтгүй тусламжаар нийлүүлж байсан. Энэ Япон машинууд эвдрэлгүй 10 жил явж байна. Гэтэл “Бадрангуй орших”-ын оруулж ирсэн хятад машинуудын зарим нь ганц, хоёр сар болоод л эвдэрч, Монелийн эцэст хашаанд хэвтэж байгаа гэх мэдээлэл байна.

Хамгийн ноцтой нь, энэ компанийн хууль бус үйлдлийг Сангийн яамныхан зогсоосонгүй, ШӨХТГ, МХЕГ шалгасангүй, хотын дарга нар ойшоосонгүй. Хотын дарга солигдоод ч хэрэгссэнгүй. Өнөө “Бадрангуй орших” компани нь дахиад 28 машины тендерт шалгарчихсан. Тун удахгүй өнөө хогны машинуудаа нийлүүлэхээр бэлтгэж ажил хангагдаж байгаа талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байсан, өөрөө банктай, бас Нийслэлийн МАН-ын дарга хүн. Төрийн тендерт хууль бус ажил яаж явдгийг, төсвийн хулгайг яаж хийдгийг хэтэрхий сайн гадарлах хүн. Гэвч бөх хүн учраас бөх эзэнтэй “Бадрангуй орших” компани дээр нэг л хөдөлж өгөхгүй байх шиг. Эсвэл цар тахлын тэмцлийн хажуугаар цацаж хахсан тендерийн будлианууд чихэнд нь хүрэхгүй байна уу, бүү мэд.

Баянзүрх дүүрэг Н.Баярмөнх гэдэг Засаг даргатай болсон. Тэр нөхөр хорооны Засаг дарга чөлөөлөхийн оронд хороонуудад нь хогны машинаар өчнөөн саяын “шахаа” шахуу юм хийгээд байгаа даварсан компанийг чөлөөлмөөр. Баянзүрх дүүргийн хогон дээр тендерээр далимдуулж ажиллаад байгааг оршин суугчид нь мэдвэл мань хүний улс төрийн суудал ч өнцөгдөж мэдэхээр байна.

Өнөөдрийн энэ материал олонд хүрснээс хойш АТГ, ЦЕГ-аас хүмүүс томилогдож энэ тендер шалгаруулалтыг дахин нэг харж, хэнд буруу байгааг олж тогтоогоосой гэж бодож байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн цоорхойгоор дээхнэ сургуулийн сурагчдын автобусыг өндөр үнээр худалдаж авч, төсвийн хөрөнгийг илт сувдаг сэтгэлтнүүд үрсэн. Улс нийтээрээ цар тахлын үед бүсээ чангалцгааж байхад хогны чанар муутай машиныг олноор нь нийлүүлэх тендерт нэг л компани шалгараад, өнөөх нь жилээ даахгүй эвдэрч байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ.

“Бадрангуй орших” компани техникийн худалдаа явуулдаг хэрнээ тэрбум төгрөгийн малын тэжээлийн тендерт шалгарч байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чимээгүй л өнгөрсөн. Гэтэл олон зуун сая төгрөгийн хогны машин нийлүүлчихсэн, тэр нь эвдэрсэн байхад дахиад 28 машин нийлүүлэх тендерт шалгаруулаад байгаа нь зүгээр гэж үү. Иргэдийн анхаарал цар тахал, УОК-ын мэдээ рүү чиглэсэн ийм үед нийслэлийн нэг дүүрэгт энэ мэт хууль бус зүйл өрнөж байгааг анхаарч арга хэмжээ авах цаг болсон байх аа, хотын дарга аа.

Л.ТУЛГА