Монголын арилжааны банкуудад Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотой болох тухай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа цацагддаг. Х.Баттулгын банк, санхүүгийн салбар руу “дайрах”, хувьцаа эзэмшигчдийг дарамт, шахалтад оруулах ажиллагаа аль 2000 оны эхэн үеэс эхэлсэн байдгийг хэвлэлийн хуудаснаас харж болно.
БНСУ-ын “Номаринг” компанийн олон арван сая ам.долларыг Монголын банкууд нийлж луйвардсан гэх 2006 оны дуулиантай хэргээс эхлэлтэй байдаг. Тухайн үедээ Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг дөрвөн ч банк нийлэн Солонгосын Дэү, Эл Жи болон Номаринг компаниудыг хошгоруулж залилан, 120 сая ам.доллар салгасан гэх мэдээллүүд гарч байв. Улмаар энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга “Мах Импекс” болон “Аранзал”, “Пирамид” гэх мэт компаниудаараа дамжуулан авсан гэх мэдээлэл хэвлэлээр бичигдэж, “Номаринг” корпорациас ч түүнийг яаралтай өрөө төлөхийг шаардаж байсан юм. Солонгосчуудыг луйвардсан мөнгөөрөө “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкийг өөрийн болгож авсан гэх мэдээлэл ч цацагдсан. УИХ-ын гишүүн байсан Х.Баттулгыг багын найз “сахал” Д.Эрдэнэбилэгийн ард байдаг гэх яриа бол хэдийнээ ил болсон мэдээлэл.
Олон нийтийн дунд Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Улаанбаатар хотын банкны ард нь Х.Баттулгыг байдаг гэх яриа ч бас олонтаа гарсан мэдээлэл. 2007 оны мэдээллээс үзэхэд тухайн үеийн Монголын банкны 90 хувь нь АН-ын, УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдэлд бий гэжээ. "Хас", "Тээвэр хөгжлийн банк", "Монгол шуудан банк", "Голомт" зэрэг түүний мэдэлд хараахан оччихоогүй үлдсэн хэдэн банк бий гэх нийтлэл бичигдэж байж. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Монголын арилжааны банкуудтай Х.Баттулгын нэр хэрхэн холбогдож хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж байсан мэдээллийг тоймлон хүргэе.
"КАПИТРОН" БАНК- Х.БАТТУЛГА
“Капитрон” банкны үүсгэн байгуулагч “НИК”-ийн хэмээх Ц.Оюунгэрэлийг айлган сүрдүүлж банкийг нь авсан гэх мэдээлэл бол олон жил үргэлжилж явсан мэдээлэл. Х.Баттулга “Капитрон”-ыг худалдаж авах гээд Ц.Оюунгэрэлтэй уулзах үед нь тус банкны нэг хувийг эзэмшдэг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөх залуу байлцаж, өөрийн саналаа хэлэх гэхэд нь УИХ-ын гишүүн Х.Баттулга “Чи хэн юм бэ, нэг хувьтай хүн дуугүй сууж бай” гэх зэргээр дайрч давшлан, улмаар цус нөжийг нь гартал зоджээ.
Ингээд зогсохгүй Х.Баттулга цустайгаа холилдоод хэвтэж байгаа залуугийн асгарсан цусыг хоёр гартаа нялан нүүрэндээ түрхэн, тэнд байсан хүмүүст “Одоо цагдаа ирвэл УИХ-ын гишүүнийг энэ залуу цусыг нь гартал зодсон гэж ойлгоно” хэмээн хэлж байсан гэх түүх бий. Ингээд “Петровис”-ын Ж.Оюунгэрэл үүсгэн байгуулсан банкийг УИХ-ын гишүүн Х.Баттулгаас их хэмжээний мөнгө зээлж өрөндөө “Капитрон”-ыг өгснөөр тус банкны хувьцаа Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийнх болжээ. Тус банкны албан ёсны сайтад Д.Эрдэнэбилэг, Д.Бат-Эрдэнэ, Д.Мөнхсайхан нар хувьцаа эзэмшигчид гэх нэрс байв. Ж.Оюунгэрэл нас барахынхаа өмнө ч “Капитрон” банктай холбоотой асуудалд “дээрээс” ирэх дарамт дор байсан гэх яриа бас явдаг. Үүнээс хэдэн жилийн өмнө Х.Баттулгыг “Интер” банкны эзэн Хоролсүрэн гэгчийг айлган дарамталж бүр зодож байгаад банкийг нь дээрэмдсэн гэх яриа гарч байсан. “Капитрон”-ыг “сахал” Д.Эрдэнэбилэгт шилжсэний дараагаар “Интер” банк Капитронтой нэгдсэн.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, УЛААНБААТАР БАНК - Х.БАТТУЛГА
Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч болох Лос Анжелесд төвтэй “Global Investment and Development” компани нийт хувьцааны дийлэнх хэсэг буюу 65 хувийг эзэмшдэг. Үлдсэн 30 гаруй хувийг “US Global Investment” ХХК эзэмшдэг. Гуч гаруй хувийг эзэмшигч тус компанийн захирал Т.Цолмон нь тус банкны ТУЗ-ийн гишүүн аж. ТУЗ-ийн дарга нь “сахал” Д.Эрдэнэбилэг. УИХ-ын гишүүн Х.Баттулга тус банкинд хувьтай гэх яриа бий ч албан ёсны сайтад энэ талын мэдээлэл байдаггүй хэмээн хэвлэлээр бичигдэж байжээ. Түүх сөхөхөд ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулгын ард байдаг гэх Худалдаа хөгжлийн банкийг “Жеральд металз лугано”-гоос худалдан авсан 70 сая ам.доллар Оросын олигархи О.Дерипаскагийнх байж магадгүй тухай таамаг хөвөрч байна гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. “НИК”-ийн Ж.Оюунгэрэл “Капитрон” банкаа дарамтлуулан байж Женкод зарсан гэж олны яриаг батлах мэт Х.Баттулгын өмнөөс ХХБ-ыг залуурдаж суудаг гэх Д.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын банкны 80 гаруй хувийг эзэмшдэг талаар мэдээлэл гарч байв. Улаанбаатар банкны 99.9 хувийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг эзэмшдэг үлдсэн 0.01 хувийг Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг гэх мэдээлэл байсан бол 2020 онд тус хоёр банк нэгдсэн.
ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгын “жолооч”-оор ажиллаж байсан, нэг аймаг сумынх. Тэдний нөхөрлөл, хамтын ажиллагаа, эрх ашгийн талаар олон ч мэдээлэл байдаг. Өнгөрсөн 2019 онд “сахал” Д.Эрдэнэбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан сүр дуулиантайгаар баривчилж байв. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй эртний тооцоогоо бодох, айлган сүрдүүлэлт байсна гэх мэдээлэл түгэв. Олоон жилийн өмнө Х.Баттулгыг гадагш яваад ирэх хугацаанд нь Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ийн даргын суудлыг эзлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтан, дотных нь хүн болсон гэх эртний түүх Д.Эрдэнэбилэгт бий. Юутай ч сүр дуулиантай баривчлагдсан Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаж, түүнд үүсгэсэн хэрэг замхарч, Ерөнхийлөгч түүнтэй ХХБ-ны хувь дээр тохиролцсон уу гэх хардлага гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр Перу улсад 226 сая ам.доллараар Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга түүний төрсөн дүү Х.Баттуул нар алтны орд худалдаж авсан уу гэх мэдээлэл ч цацагдаж байна.
"ХААН" БАНК - Х.БАТТУЛГА
ХААН банкны 41.3 хувийг албан ёсоор эзэмшдэг Япон улсын иргэн Хидео Савада өөрийн хувиа худалдах саналыг энэ 2021 оны нэгдүгээр сард тавьсан нь анхаарал татдаг. ХААН банкны албан хувьцаа эзэмшигч нь Япон улсаас гадна Таван Богд трейд компанийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан нар эзэмшдэг гэсэн албан баримт бий.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан гэдгийг зарласан. Монгол Улсад тэтгэврийн насны 400 гаруй мянган иргэн байгаагийн 230 мянга орчим нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь ХААН банкаар, 30 орчим хувь нь Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Хөшигний ард ХААН банкны 54.4 хувийг худалдах, худалдан авах асуудал зэрэгцэн хөндөгдсөн нь Ерөнхийлөгчийг ХААН банкны энэ хэлэлцээрт Ерөнхийлөгч оролцож эхэлсэн гэх албан бус яриа гарах болжээ. ХААН банкны хувьцаа эзэмшигч Хидео Савада Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хандаж, Монголд банкны системийн соёлыг төлөвшүүлж, жишиг тогтоож өгсөн банкныхаа хувийг нээлттэйгээр зарах хүсэлтэй буйгаа уламжилж мэдээлэл хүргүүлсэн талаар мөн л хэвлэлээр явсан. Энэ нь худалдах саналаас өөр утгыг агуулсан бололтой. Учир нь өнгөрсөн зунаас Хидео Савадагийн эзэмшдэг хувь Монголын талд шилжиж байгаа гэх яриа хүчтэй тарсан. Ингэхдээ хэд хэдэн хувилбар яригдсан юм. ХХБ-ны Д.Эрдэнэбилэгт ч, Ерөнхийлөгч Х.Баттулгад ч Хаан банкны тодорхой хувийг авах хүсэл, амбиц өндөр байгаа нь тодорхой гэж хэвлэлээр бичигдэж байжээ.
"ГОЛОМТ" БАНК - Х.БАТТУЛГА
Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгалан, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын дотно нөхөрлөл эрх ашиг төмөр замын төсөл дээрээс тод харагддаг. Голомт банкны нийт хувьцааны ихэнх хувь буюу 83.76 хувийг Голомт Файнэншил групп эзэмшдэг. Голомт Файнэншил групп нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, бизнесийн төвлөрсөн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Харин үлдсэн 14.91 хувийг гаднын иргэд эзэмшдэг бол нэг хувийг банкны ажилчид эзэмшдэг гэх албан мэдээлэл бий. Уг нь “Голомт” банк нь “Бодь” группийн нэг салбар байсан ч Лу.Болд, Д.Баясгалан нарын зөрчлийн дараа “Голомт” одоо Д.Баясгалангийн мэдэлд очсон. Д.Баясгалангийн мэдэлд очсон цагаас хойш Х.Баттулга тэр хоёрын дотно нөхөрлөл бүр зузаарсан гэдэг. Эдин засагч Л.Наранбаатар мэдэгдэхдээ “Голомт"-ын Д.Баясгалан болон "Бодь" групп долоон ам.доллараар буюу бага өртгөөр нүүрс авч байна. "Бодь" групп 2.770 сая тонн нүүрсийг зарсан.
Энэ хүн 1 тэрбум ам.долларыг ашгийг ганцаараа хүртсэн. Монголоос долларын тэрбумтан төрж байна. Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн” гэж мэдээлж байв. Ноцтой нь төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулж, "Голомт"-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан байдаг. “Голомт”-ын Д.Баясгалан Ерөнхийлөгч Х.Баттулгаас гавьяат эдийн засагч цол саяхан авсан билээ. "Голомт” банкинд Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө байхыг үгүйсгэхгүй. Д.Баясгалан, Х.Баттулга нар нь “алдарт төмөр замын” хэргийн хамсаатнууд бөгөөд тэр цагаас хойш хамтран ажиллаж буй гэх мэдээлэл хэвлэлээр олонтаа гарчээ.
ТӨРИЙН БАНК - Х.БАТТУЛГА
“Хадгаламж” банк Төрийн мэдэлд очиж, Төрийн банк болсноос хойш тус банкийг эргүүлэн хувьчлах тухай асуудал сөхөгдсөн. Энэ хугацаанд “Хэрэв тус банк хувьчлагдвал хэн гэдэг эрхэм эзэн суух бол, хэзээ хувьчлагдах бол” гэх үеэр тус банкны ажилтан албан хаагчид Төрийн банк хувьчлагдвал ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга эзэн сууж магадгүй байгаа талаар өөр хоорондоо шивэр авир хийн ярьж байв.
Х.Баттулга гишүүн сайдын судлаасаа татгалзсан нь ч үүнтэй холбоотой байх гэсэн хардлага ч хөвөрч эхэллээ. Мөн оросуудтай холбоотой шинэ факт гарч ирсэн явдал “Хадгаламж”, “Монгол шуудан” банкуудын нэгдэн нийлж байгаа үйл явдлын хар сэжгийг гал дээр тос асгасны адил дэвэргэж, санхүүгийн салбар дахь үндэсний дархлаа, цаашлаад аюулгүй байдлын асуудал хүртэлх түвшинд яригдахаар болгож ирлээ. Гадныхны хувь эзэмшлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, үндэсний оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага нэгэнт бий болчихсон гэгдэж байв.
“АРИГ” БАНК-Х.БАТТУЛГА
“Ариг” банкны үүсгэн байгуулагч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Ариг” банкийг “Номин”-гийн Ш.Баярсайхан дээрэмдэн авсан хэргийг ард Х.Баттулга байгаа юу гэх асуулт гарч ирж байгаа. “Ариг” банкны 57 хувийг Б.Эрдэнэбатаас Ш.Баярсайхан авах хоорондын маргаан эхлэхэд энэ үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, түүний итгэлт хүн, өмгөөлөгч Б.Баасанцогттой үгсэн тохиролцож оролцсон баримт задарсан. Хуулийн байгууллагаас Б.Эрдэнэбатыг цагдан хорьсон. Эзгүйд нь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Ариг” банкны хувьцаа шинээр гаргаж, үүнийг Б.Эрдэнэбат давуу эрхээр авах байсан ч эрхийг нь 2020 оны арваннэгдүгээр сарын 20-оор дуусгаж, давуу эрхээр авах хувьцааг Ш.Баярсайхан авахаар Монголбанкны дансанд 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд мөнгөө байршуулсан мэдээлэл бий.
Ш.Баярсайханы өмгөөлөгчөөр Б.Баасанцогт ажиллаж тэрээр Б.Эрдэнэбатад холбогдуулсан эдийн засгийн гэх хэргийн шалгалтыг араас нь удирдсан, энэ хугацаанд Ш.Баярсайханаас гаргуулж “Ариг” банкинд хөрөнгө оруулах ёстой 8.7 тэрбум төгрөгийг иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгч хэрэгсэхгүй болгосон байна. Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбатад яллах дүгнэлт үйлдэж Ц.Насанбат прокурор оролцжээ.
Уг үйл ажиллагаанд 1987 оноос хойш шүүх байгууллагад ажиллаж, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн даргаар ажиллаж өдгөө УДШ-д шүүгчээр ажиллаж буй С.Батдэлгэр, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат нарын нэр холбогдсон. С.Батдэлгэр нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хэнийг оруулах вэ гэх асуудал дээр Х.Баттулгын байр суурийг баттай хамгаалдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга “Ариг” банкийг дээрэмдэн авсан Ш.Баярсайхантай ойрын харилцаатай гэгддэг нь түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар сая хоёрдугаар сард Монгол Улсын худалдааны гавьяат цол тэмдгээр шагнаж байв. “Ариг” банкийг үүсгэн байгуулагчаас дээрэмдэн авах ажлыг өмгөөлөгч Б.Баасанцогт хийсэн нь түүний ард хэн байгааг бэлхнээ харуулчихаж байна.
"БОГД" БАНК -Х.БАТТУЛГА
УИХ-ын гишүүн асан Л.Болд, түүний дүү Л. Болдхуяг нар Голомт банкнаас салан тусгаарлаж "Богд" банк байгуулсан. “Богд” банк байгуулагдаад удаагүй байж 30 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг олгосон гэх мэдээллийг УИХ-ын Ж.Мөнхбат хийж байв. Л.Болд өөрийн хувийн банкинд 150 сая ам.долларын бонд босгох хүсэлтийг гаргаж шийдүүлэхээр хөөцөлдөж явсан талаар Ж.Мөнхбат гишүүн хэвлэлийн хурал хийв. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй Лу.Болдыг Х.Баттулга Элчин сайдаар томилно гэх яриа байдаг.
Энэ бүхнээс харахад манай улсын хамаг банкны ард байдаг эзэн нь тодроод ирэх шиг болох юм. Х.Баттулга нь 2000-аад оны эхэн үеэс банкуудад гар дүрж, нөлөөгөө тогтоохдоо улс төрд хол явна гэж тооцоолсон аж. Учир нь тэрээр ил харагдах, албан ёсны хувьцаа эзэмшигч байхаас аль болох тойрч, төлөөний хүнээ шургуулдаг, эсвэл өөрийн нөлөөгөө холуур тогтоож, оролцоогоо ахиулсаар байсан бололтой юм.
Э.Мөнх